“Бодлогын гол чиглэлүүд үндэсний хөтөлбөрт тусгагдан хэрэгжих ёстой”-г онцлон тэмдэглэв

Монгол Улсын Төрийн албаны зөвлөл, Ёс зүйн хорооноос “Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн төслийн ээлжит хэлэлцүүлгийг 2024 оны 3 дугаар сарын15-ны өдөр зохион байгууллаа. Уг хэлэлцүүлэгт Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын дарга Д.Баянбилэг, дэд дарга Г.Даваадалай нар оролцлоо.

Ёс зүйн хорооны дарга, Төрийн албаны зөвлөлийн гишүүн Ц.Амартөгс хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ “2023 онд батлагдсан Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай анхлагч хуулийн үйлчлэлийн хүрээ өргөн, хяналт хариуцлагын тогтолцоо шинээр бүрдэж байгаа тул хууль хэрэглээний зүй зохистой практик бий болгох бодлогын гол чиглэлүүд үндэсний хөтөлбөрт тусгагдан хэрэгжих ёстой”-г онцлон тэмдэглэв.

Мөн тэрээр, “Хөтөлбөрийн төсөлд одоогийн байдлаар 40 гаруй байгууллагаас санал ирсэн бөгөөд энэ сарын 25-ны өдрийг хүртэл байгууллага, олон нийтийн саналыг нээлттэй хүлээн авна” гэв.